Friday, May 15, 2009

Яаадгийм!!! Бурхан шиг хоёр ерөнхийлөгчтэй болно л биз.

Ёстой бурхад байжээ тэд минь. За энэ ч хэн нэгэн буянтай талийгаачийн тухай дурсгал тэрлэх нь дээ гэж та нар бодож байна уу. Үгүй шүү. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээгүй бол ч би ямар сайхан бурхан шиг хүмүүстэй нэг тэнгэрийн дор гэлдэрч яваагаа мэдэхгүй л ам хэлээрээ бузарлаад, хараагаад явах байж шүү тэднийг. Надтай адилхан мунхаглан төөрч будилсан олон залуус тэр сайхан хүмүүсээ мэдэхгүй, ойлгохгүй, урт шар дээлт, навтгар уран донгодогч гээд л гоочлоод суух байжээ. Еэ ашгүй энэ сонгуулийн ачаар Монгол түмний заяа буянаар тодорсон бүрэлбаанууд байсныг сая л мэдэрлээ.
Намбар, Цахиа хоёр их даруу бодьгалууд байсан болохоороо хийсэн бүтээснээ нуугаад л яваад байж шүү дээ биднээсээ. Хэлэхгүй, ярихгүй аваас мунхаг бид чинь яаж ойлгох билээ дээ базарваань гэж. Тэгсэн Намбар чинь л атрын аянаас эхлээд хүүхэд, хөгшчүүлийн тэтгэвэрийг хүртэл өгсөн юм байна шүү дээ. Мянганы замаас эхлээд олимпийн аваргыг хүртэл ерөнхийлөгч маань л төрүүлсэн юм байна. Малчдын мал өссөн, тариа будаа ургасан, Эрдэнэтийн зэсийн үнэ өссөн, цахим хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, инфляцийг бууруулсан гээд тоочоод байвал бидний амьдралд тохиосон сайн сайхан бүхнийг ерөнхийлөгч Намбар л бидэнд өгчээ. Намбараас өөр хүн ерөнхийлөгч болчихвол жунгаа нар хилээ хаагаад, иванууд бензинээ өгөхөө байчих юм гэнэ. Харь оронд зочлоход нь гадныхан англиар ярихыг нь ангайтал сонсоод бас сайхан мяраалаг, нуруулаг ерөнхийлөгчийг хараад Монголчуудын амьдрал сайхан байгаа юм байна мөнгө өгье тэдэнд гээд л... Сайхаан сайхан.
Гэхдээ Цахиа ч бас түүнээс дутахгүй. Бие хаа царай зүсээрээ гүйцэхгүй нь гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч Ардчиллаас эхлээд л хийсэн ажил, хэлэх үгээрээ ундарч буй гэнэ. Цахиа гэх хөдөөний хүрэл бор залуугийн ачаар л Монголчууд Ардчилсан нийгэмд шилжин, хүний эрх гээч хачин сонин зүйлийн талаар мэддэг болсон байх юм. Мөн өнөө хэдэн борлонгийн маань тоог Ардчиллын үед ганцхан жилийн дотор л цөм өсгөж 22 саяаас 48 болтол нь үржүүлж өгчээ. Ямар витамин гэхээрээ ингэж үйлчилдэг байнаа. Энэ хүүхэд төрүүлж болдоггүй зовлонтой бүсгүйчүүдэд тусалж чадах витамин байдаг эсэхийг нь түүнээс асуух юмсан. Мөн өнөө дээр дурьдаад байсан хүүхдийн тэтгэмж, комьпютерийн хангамжийг мань хүн анх санаачилсныг Намбар ах нь аархаад хулгайлчихсан гэх юм. Аа энэ ч яахав. Яс булаацалдаж байгаа нохдын хооронд орж гараа тасдуулаад яахав, хэн хийсэн нь маньд ямар хамаатай юм биш. Гарсан үр дүн нь чухал биздээ. За тэгээд энэ хоёр байхад ер нь тэгээд тэр хэрэлдэхээс өөр ид шидгүй 76-ийн хэрэг байна уу, засгийн газрын ч хэрэг алга ч юм шиг. Бүх зүйлийг мань хоёр л хийсэн байна. Бусад нь ярихаас өөр юу ч бүтээгээгүй. Ийм сайхан хүмүүс байхад өөр бусдаар яах юм. Хэн хэнийг нь дэмжсэн уухайлсан ард түмэн өдөр бүр зурагтаар аз жаргалтай мишээл тодруулсаар. Магтах үг сүүлдээ олдохоо болих шинжтэй.
Ийм сайхан зүйлийг ярьдаг, ард түмэндээ хайртай, бидний төлөө өөрсдийгөө зориулсан энэ сайхан хүмүүсийнхээ хэн нэгнийг нь гомдооно гэдэг байж болшгүй зүйл мэт санагдаад явчлаа. Ерөөсөө Намбарыг улираан сонгоод дээрээс нь Цахиаг нэмээд сонгочихвол тээ. Яагаад заавал ганц Ерөнхийлөгчтэй байх ёстой гэж. Дараагийн дөрвөн жилдээ тэр эрчээрээ явбал мань хоёр мануусын амьдралыг АНУ, Хятадын түвшинд ч аваачиж мэдэх нь байна шүү таминь. Тиймээс ухаалаг ард түмэн минь одоо тэднийгээ хооронд нь өрсөлдүүлээд хэрэггүйээ. Илүү зардлын нэмэр. Ер нь тэгээд ч эндээсээ ахин дахин ерөнхийлөгчийн сонгууль явуулаад яахын. Шууд л энэ хоёрыг насан туршийн ерөнхийлөгч болгочихоё. Гоё гоё

3 comments:

  1. Яг шударга өрсөлдвөл хэн нь ч гарахгүйдэг ээ. Улс төрийг би мэдэхгүй ч уул 2 хүнийг хараад л мэдэж байна, худлаа ярж байгааг нь...

    ReplyDelete
  2. Өөрчилье... Аахаан намайг Элбэгээгийн фен гээд ойгочихсон уу? Үгүй л дээ. Хоёр чавганц уралдаал... Нэг нь түрүүлэх биз. Гэхдээ байшдээ чиний хэлэх гээд байгаа санааг хоёр гараа хөлтэйгөө хамт өргөөд дэмжжийнэ.

    ReplyDelete
  3. Жаран чавганцын нэг нь түрүүлсээн гэж...
    Дээр үеийн хүмүүс яаж ингэж голыг нь олоод үг зохиогоо хэлчдийн бол Бас л аймаар байгаан шүүү

    ReplyDelete